Эрхэм зорилго

ШИНЭ МОНГОЛыг цогцлоох бүтээлч иргэдийг бэлтгэнэ.

Алсын хараа

Тэргүүлэх их сургуулиудтай хамтран дэлхийд үнэлэгдэх бүтээлч иргэдийг бэлтгэж, инновацийн хүрээлэн болно.

Үнэт зүйлс
Шударга, ёс зүйтэй
Мэдлэг оюун
Талархах сэтгэл
Инноваци
Системийн сэтгэлгээ
ШМТИС-ийн захирал

Захирлын мэндчилгээ

Д.Гантуул

ШМТИС-ийн Захирал

Ирээдүйг бүтээх инженер бүрт итгэл өгнө

Эрхэм эцэг эхчүүд, оюутан залуус, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүхэн амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтоо хийх гэж байна. Энэхүү сонголтод тань дэмжлэг үзүүлэх зорилгоор Шинэ Монгол Технологийн Их Сургууль (ШМТИС)-ийн онцлог, боломжуудын талаар товчхон хуваалцахыг үслээ. Манай сургууль 2014 онд байгуулагдсан бөгөөд “Үнэн мэдлэг – Бүтээлч оюун” уриан дор дэлхийд үнэлэгдэх инженер, бүтээлч иргэдийг бэлтгэж байна.

Бид энтрепренер сэтгэлгээтэй, системтэй хардаг, ёс зүйтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг төгсөгчдийг бэлтгэхийг зорьдог бөгөөд үүний тулд дэлхийн инженерийн боловсролын стандарт болох CDIO аргазүй нэвтрүүлж, онол практикийг хослуулсан сургалтыг явуулдаг. ШМТИС нь оюутнуудад танхимын сургалтаас гадна практик ур чадвар эзэмшүүлэхэд анхаарч, “Ариун ганга” гар ариутгагч бүтээгдэхүүнийг зургаа дахь жилдээ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, 3D хэвлэлийн технологид суурилсан бүтээгдэхүүн боловсруулан бодит үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.

Оюутнууд CPC, Asia Bricom, ABU Robocon, DXCUP зэрэг олон улсын тэмцээн олимпиадад амжилттай оролцож өндөр амжилт үзүүлж байна. Мөн Японы их, дээд сургуулиудтай хамтран 6 сараас 1 жилийн оюутан солилцоо, гадаадад үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж, Smart Software Group, Unitel Group, Анд Глобал, БолорСофт зэрэг байгууллагуудад мэргэжлээрээ дадлагажиж, улмаар ажлын байраар ханган карьер хөгжлийн цогц дэмжлэг үзүүлж байна.

Цаашдын хөгжлийн хүрээнд ШМТИС нь ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөөндөө судалгаа, инновацид суурилсан их сургуулийн загварыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монгол болон Японы их, дээд сургууль, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгаа, туршилт, инновацын төслүүдийг хэрэгжүүлэх, тэдгээрийг бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, их сургууль–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Манай төгсөгчдийн 74% нь Монголдоо мэргэжлээрээ ажиллаж, 34% нь гадаадад амжилттай ажиллаж суралцаж байгаагийн 20% нь Японд ажиллаж, суралцаж байна. Барилгын инженерчлэл, Архитектурын хөтөлбөрийн 1-р үеийн төгсөгч Ч.Төгсдэлгэр Японы Ёкохама Үндэсний Их Сургуульд магистр, докторын зэргээ хамгаалж, одоо Улаанбаатар хотын ерөнхий архитектораар ажиллаж байна. Химийн инженерчлэлийн магистрын хөтөлбөрийн анхны төгсөгч Т.Ганбаатар Кюүшүгийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, одоо Кембрижийн их сургуульд пост докторын судалгаа хийж байна. Программ хангамжийн хөтөлбөрийн 2-р үеийн төгсөгч Я.Баярцогт АНУ-ын Амазон компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байна.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд 3 дахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад технологийн чиг хандлага, карьер хөгжил болон мэргэжлийн багш нарын зөвлөгөө өгч мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлж байна. Та бүхнийг өөрийгөө таньж, ирээдүйгээ зөв төлөвлөн, мэргэжлээ зөв сонгон ШМТИС-д элсэн суралцаж, Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг урьж байна.

Олон улсын хамтын ажиллагаа бол бидний чанартай боловсролын суурь юм.